ЭМДС-аас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох нөхцөл үүсчээ
10 цаг 49 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд тус хуулийн үйлчлэх хугацаа долоодугаар сарын 1-нд дуусах учир УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэг хоногийн завсарлага өглөө.
Дэлхий дахинд тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор УИХ-аас өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-нд тус хуулийг баталсан бөгөөд мөн оны арван хоёрдугаар сарын 31, энэ оны нэгдүгээр сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа, цаашид цар тахлын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй байгаа тул холбогдох шийдвэрийг шуурхай гаргах шаардлага үүссэн гэдгийг тодотголоо. Мөн хилийн боомтын хяналт, тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал, ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулсан гэдгийг хэллээ. Түүнчлэн ЭМДС-ийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор тус сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох нөхцөл үүссэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт PCR үнэтэй болж, цөөн газар авч байна. Үүний хүртээмжийг нэмэгдүүлж болох уу. Эрээн дээр бараа их хэмжээгээр гацаж, бараа материалын үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Үүнийг яаж шийдэх вэ, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цар тахлын хуулийг анх баталж байх үед амьсгалын болон уушги орлуулах аппаратаар бүрэн хангах нөөц бүрдүүлэх асуудлыг ярьж байсан. Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг жилдээ зарцуулаад дуусах ЭМДС-ийн мөнгийг эрүүл мэндийнхээ даатгал төлдөг хүмүүсийнхээ эрүүл мэндэд нь зарцуулахгүй юм бол өөр юунд зарцуулах гээд дараад байгаа юм. 1.2 их наядын сан байгаа юм байна. Хуульд өөрчлөлт оруулаад явах нь зөв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хил дээр гааль, татвар, хилийн цэрэг ажиллаж байхад Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах хэрэгтэй юу. Одоогийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулаад явж болохгүй юу, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин манай улсын орны нөөц хэр байгаа вэ. Хэрэв энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталбал эм, эмчилгээ, орны асуудал шийдэгдэх үү зэрэг асуудлыг хөндөж байв. Эдгээр болон бусад асуултад Засгийн газрын гишүүд хэрхэн хариулсныг хүргэе.
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛИЙГ СУНГАХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Шадар сайд С.Амарсайхан:
– Монгол Улсад өнөөдрийн байдлаар 101263 хүн халдвар авсан нь батлагдаж, 479 иргэн нас бараад байна. Бүх нийтийн бэлэнд байдалд таван удаа шилжиж, хоёр удаа сунгасан. Бид бүхий л бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцэж буй энэ үед нөхцөл байдал, эдийн засгийн чадавх хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэлийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.ЭМДС-ийн тухай хуулийн дагуу эрхийг нь Эрүүл мэндийн сайд, тус салбарынханд нээж өгч байж иргэдэд эм, тариа, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай хүргэж, яаралтай арга хэмжээ авна. Санхүүжилтээс болж цаг хугацаа алдахгүй байх ёстой. Орон нутагт цар тахалтай тэмцэх санхүүгийн эх үүсвэр, нөөц дууссан. Тиймээс энэ хуулийг яаралтай баталж, өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлыг бууруулахад цаг алдахгүй байх нь нэн чухал. Цар тахал эхэлж байхад мянган ор дэлгэж байсан бол өнөөдрийн байдлаар 12 мянган ор дэлгэсэн. Үүний 6500 гаруйг нийслэлд, үлдсэнийг нь орон нутагт дэлгэлээ.
ЭМДС-ИЙН БҮХ САНХҮҮЖИЛТИЙГ ДУРААРАА ЗАРЦУУЛАХ ОЙЛГОЛТ ОГТ БИШ
Сангийн сайд Б.Жавхлан:
-Эрүүл мэндийн сайд энэ жил 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөгийг шууд захиран зарцуулагчийн хувьд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, төвлөрсөн арга хэмжээний зардалд зориулж байна. Үлдсэн 1.2 их наяд нь ЭМДС-д бий. Тус сан жилийн эцэст тэг үлдэгдэлтэй байх ёстой. Энэ жилийн 1.2 их наядын 370 тэрбум төгрөг нь даатгуулагч нарын шимтгэл, 580 тэрбумыг нь төсвөөс татаас болгож өгч байна. 259.4 тэрбум төгрөг нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Тиймээс Засгийн газар ядаж санхүүжилт өгч буй 580 тэрбум төгрөгийн хүрээнд урьдчилаад өгдөг эрх мэдэлтэй болох гээд байгаа юм. Тэрнээс биш ЭМДС-аас худалдан авалт хийж, бүх санхүүжилтийг дураараа зараад байгаа ойлголт огт биш. Ер нь төсвийн тодотгол ярихаас аргагүйд хүрч байна.
PCR ШИНЖИЛГЭЭГ НЭГ Ч УДАА ТӨЛБӨРТЭЙ АВААГҮЙ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй. Шинжилгээний зардлыг Засгийн газар хариуцаад явж байна. Өдөрт дунджаар арван мянган хүнд шинжилгээ хийж байна. Хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд өдөрт таван зуун сая төгрөгийн зардал гарч байгаа. Энэ оны нэг, хоёрдугаар улиралд Засгийн газраас 13 тэрбум төгрөгийг эмч нарын цалин урамшуулалд олгосон. Мөн улаан бүсэд ажиллаж буй 13 мянган хүнд нэмэлт цалин олгохоор төсвийн тодотголоор хэлэлцээд явж байна. Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Орыг мянга мянгаар нь дэлгэж болно. Гол нь тэнд ажиллах хүний нөөц дутагдалтай. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч хомс байдаг. Манайд эрчимт эмчилгээний 340 эмч, амьсгалын аппарат гурав бий. Дахин нэг аппарат худалдан авч байгаа. Бүх батлагдсан тохиолдлын эм тариаг үнэгүй өгч байна. Гурав дахь давлагаа гарсан. Дельта хувилбар маш хоруу чанартай, богино хугацаанд хүндэрч байна. Урьд өдөр нь амьсгалын дутагдалтай ирсэн бол маргааш нь хоёр уушги нь битүү хатгалгаа болж байна. Үүнийг та бид амьдрал дээр ойлгох хэрэгтэй. Даатгалын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт нийтийг хамарсан халдварт өвчний санхүүжилтийг төр хариуцна гэсэн заалттай. Тиймээс энэ саналыг оруулж ирж байна.
ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙН КОМПАНИУД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-АИ92 шатахууныг иргэд түлхүү хэрэглэдэг. Энэ шатахууны үнийг сүүлийн жил гаруй хугацаанд 1450 төгрөгт барьж ирсэн. Өнгөрсөн нэг сараас олон улсад шатахууны үнэ нэмэгдэж, манай улсын шатахуун тээвэрлэлтийн компаниуд алдагдалтай ажиллаж өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд шатахуун тээвэрлэлтийн компаниудтай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж, иргэдийн амьжиргааны түвшин хүнд байгаа цаг үед шатахууны үнэ нэмэхгүй байхаар тохирсон. Өнөөдөр дархлаажуулалт 60 хувьд хүрсэн болохоор шатахуун тээвэрлэлтийн компаниуд шатахууны үнээ нэмэхийг шаардаж байна.
Related Keywords